12 дугаар сарын 1-ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр.
Дээрх тоог чихэнд хоногштол давтах нь манайхны энэ өвчнөөс сэрэмжлүүлэх аргуудын нэг. Өнөөдөр энэ өвчний тохиодол бүрийг хуруу даран тоолж, хэн гэгч этгээд халдвар авсан тухай сенсаацлан ард олныг “АЙЛГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд оруулах явдал газар авчээ. Ингэж нийгэмд “АЙДАС ТҮГШҮҮР” төрүүлснээрээ ХДВХ/ДОХ-ын өвчилсөн хүмүүсийг чөтгөр шулам мэтээр хардаг буруу хандлагыг улам дэвэргэхийг нь яана.
Хүнд өвчинтэйгээ тэмцэлдэн цаг хугацааг бурхнаас өгсөн "БЭЛЭГ" гэж хүлээн авдаг тэдгээр хүмүүсийг өвчин нь бус “ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ” л амьдаар нь булшилдаг гэдгийг та надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа байх.
ХДХВ/ДОХ-той хүмүүсийг буруу ташаа ойлгох, цэрвэх, зэвүүцэх, дайсагнах хандлага манайд амь бөхтэй оршиж байна. Наад захын жишээг хэлье л дээ. Тэд дүүргийнхээ эмнэлэг дээр үзүүлэх гэхэд эмч нар нь үзэхээс цааргалж ХӨСҮТ рүү яв гэж хөөдөг гэх.
Эмч хүн хүртэл тэднээс зугатахаар тэд хаачих вэ?Хүмүүс энэ төрлийн өвчтэй хүмүүсийн дэргэд байхдаа айж эмээн, нэг л тайван бус болчихдог. Гэтэл энэ нь ихэнхдээ хэтрүүлэг байдаг гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Уг нь бид ХДХВ, ДОХ-ын талаар зөв мэдлэгтэй байж чадвал энэ хүмүүсээс дөлөөд байх шалтгаан байхгүй гэдгийг ойлгох болно.
Бид өнөөдөр уужим сайхан сэтгэлтэй ард түмэн гэдгээ харуулж олон ч хүнд өвчтэй хүмүүст тусламжийн гараа сунгалаа. Олон ч хүн эдгэрч илааршлаа. Түүн шигээ тэдэнд ч гэсэн туслая. Гэхдээ энэхүү тусламжинд хандивын дансанд мөнгө хийх аль эсвэл тусгай дугаар руу мессеж явуулах шаардлагагүй. Зүгээр л тэдэнтэй ХҮН ЁСООР ХАРЬЦ. Ингээд л болоо.
Тэдний чин сэтгэлийн өчил...
“Хүмүүсээ ! Би бол “энэ ертөнцөд чи хэрэггүй, та нарын хувьд үхэл бол цаг хугацааны асуудал” гэж хэлүүлсэн хэдэн сая хүний нэг нь билээ. Тиймээ, би ХДХВ-ийн халдвартай...Энэ тухай олон хүн мэдээд амьдаар минь “булшилсан”. Гэвч яагаад тэр вэ? Би энд та нартай байж л байна шүү дээ, хэн намайг амьдралд зүгээр л буугаад өгнө гэж хэлсэн юм бэ? Үгүй ээ ! Харин ч үгүй шүү. Би амьдралынхаа өдөр бүрийн төлөө, цаг мөч бүхний төлөө тэмцэх болно. Би чинь 20 хон настай шүү дээ. Магадгүй одоо л би амьдралын утга учрыг ухаарч эхэлж байж болно. Гэтэл миний хэр удаан амьдрахыг бараг тоолоод өгчихсөн байдаг. Би хайрлаж дурлахыг хүсч байна, охин хүү хоёртой болмоор байна. Намайг хүн хайрлаасай гэж чин сэтгэлээсээ хүснэ. Хамгийн гол нь би энэ бүхнийг миний амьдралд тохиолдоно гэдэгт маш их итгэж явдаг. Таныг намайг айсан, өрөвдсөн харцаар битгий ширтээсэй, битгий үзэн ядаасай гэдгийг л хүснэ. Би ингэж амьдрах бүрэн эрхтэй, яагаад гэвэл би бусдын л адил ХҮН” МУ-ын иргэн Б
“Би өглөө бүр биелэх эсэх нь тодорхойгүй өөрийн итгэл найдвараа тээсээр сэрдэг. Би биеэ дээрдэнэ гэж найддаггүй. Харин ганцхан өнөөдөр хэн нэгэн намайг хүн гэж тоож, ойлгон ярилцахаар ирэх болов уу л гэж хүлээдэг.”
МУ-ын иргэн Д
“Бурхан нь хардаггүй юм бол ядаж чөтгөр нь намайг аваасай гэж бодогдох үе надад зөндөө байсан. Хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм, энэ нийгмийн хариуцлагатай сэтгүүлзүй, эрх чөлөөт хүмүүс надад “манай орны ДОХ-ын тэд дэх тохиолдол, ДОХ-той эмэгтэй” гэдэг нэрийг өгсөн. Ирээдүйн үрээс минь бусад бүх хүн надаас нүүрээ буруулан холдсон. Эгцэлж хараад дэргэд минь суух, нэг агаараар амьсгалж, гар атган нөхөрлөхөд өвчин чамд хүрэхгүйг мэддэг хэрнээ бүгд надаас цэрвэдэг. Гэтэл эхээс урагт дамждагийг мэдсэн ч ээждээ тэмүүлсээр яваа бяцхан үр минь. Би чинийхээ төлөө өнөөдөр, маргааш, ирэх өдрүүдэд амьд явах болно. Аавтай нь гурвуулаа аз жаргалтай урт удаан хамт амьдарна. Эмгэн өвгөн болтлоо ... Энэ миний мөрөөдөл. Би мөрөөдлийнхөө дэргэд байна. Ганцхан мөрөөдлөө биелнэ гэдэгт итгэх зориг надад өгөөч хүмүүс ээ!”
МУ-ын иргэн Э




















































Сэтгэгдэл (2)