Баянзүрх дүүргийн долдугаар хороо 38б байрны гадна автомашинаа дээрэмдүүллээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад өгчээ. Ингээд дуудлагын дагуу очиж шалгахад уг байранд оршин суух 24 настай эмэгтэй Н гэгч нь өөрийн аав 52 настай Ч-гийн эзэмшлийн "Тоёото прусс" маркийн автомашиныг үл таних хоёр эрэгтэй дээрэмдээд аваад явсан гэсэн мэдээлэл нь худал болохыг тогтоожээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. Энэ төрлийн хуурамч дуудлага өгсөн тохиолдолд тухайн иргэнд ямар хариуцлага тооцдогийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.-Дээрх тохиолдлын буюу хуурамч дуудлага өгсөн тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?
-Эхний ээлжинд яагаад хуурамч дуудлага өгсөнийг нь шалгаж тогтооно. Улмаар цагдаагийн байгууллагын гаргасан бүх зардлыг төлүүлнэ. Тээврийн хэрэгсэл очсон, дуудлага хүлээн авсан цагдаагийн бүх албан хаагчдын зардал орно. Өөрөөр хэлбэл, энэ дуудлагын дагуу хийгдсэн бүх ажлын зардлыг төлүүлдэг. Тухайн дуудлагын дагуу ажилласан бүх хүмүүсийн зардлыг төлүүлнэ. Мөн захиргаан болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
-Ямар тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Энэ гэмт хэрэг нь хүнд мөн өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор дуудлага өгсөн бол эрүүгийн хэрэг үүсгэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































