
Өчигдөр гарсан уг хэргийн талаар тодруулбал, ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Аваасүрэн, шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбат нар Баруун-Урт сумын иргэн Б.Эрдэнэсүхээс хүүхдийн тэтгэлэг болон 88 толгой малыг гаргуулахаар гэрт нь очсон байна. Гэвч Б.Эрдэнэсүх шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэж, шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбатыг буудан амийг нь хөнөөсөн юм. Үүгээр ч зогсохгүй төлбөр авагч Д.Отгонзаяагийн талын таван хүн дээр очин иргэн Батсайханыг буудан амийг нь бүрэлгэж, нэг хүнийг шархдуулсан байна. Ийнхүү хоёр хүний аминд хүрч, нэг хүнийг шархдуулсан Б.Эрдэнэсүх гэгчийг өнөөдөр 12.00 цагийн үед олсон бөгөөд тэрбээр амиа хорлосон байжээ.
ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төвөөс өгч байгаа мэдээллээр хэрэгтэний цогцосыг хэрэг гарсан газраас 10 км-ийн зайгаас олсон байна. Харин эхнэрийг нь эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл байгаа ч цагдаагийн байгууллагаас үүнийг үгүйсгэлээ. Эхнэр нь одоогоор байцаалт өгч байгаа аж.
Юутай ч хүн амины хэрэг үйлдсэн этгээд өөрийнхөө амийг егүүтгэсэн учир эл хэрэг хэрэгсэхгүй болон үлдэх магадлал өндөр байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)