
Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулж, байгаль орчин, хүн малын эрүүл мэндэд хохирол учруулдаг хэмээн хэл ам татлаад байдаг “Алтайн хүдэр” компанийн Таян нуурын уурхайд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр осол гарч, хүн нас барсан талаар бид мэдээлсэн. Ямартаа ч хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад “Говь-Алтай аймгийн Цээл суманд үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компанийн Таян нуурын уурхайн баяжуулах V үйлдвэрийн карьерт нэг хүн нас барсан гэсэн мэдээллийн дагуу шалгаж байгаа. Талийгаач Орхон аймгийн харьяат 24 настай эрэгтэй Э гэгч байсан. Уг хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна. Шинжээчдийн дүгнэлт хараахан гараагүй байна. Хамт ажиллаж байсан хүмүүсээс болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажлуулах ёстой инженерээс нь байцаалт авч байгаа” гэв. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Талийгаачийн эх бие бутлуурт бяцлагдаж, хүн гэхийн аргагүй болсон байсан гэнэ. Талийгаач Э нь ажилд ороод 14 хонож байсан бөгөөд брабон бутлуурт бяц дарагдан амь насаа алдсан байна. Юутай ч энэ уурхайд осол гарч хүний амь нас хохирсон хэрэг ганц үүгээр зогсохгүй юм.
Д.Ундрах /24tsag.mn/