
Энэ сарын 07-нд буюу ирэх бямба гараг болох ойн тоглолтонд тэдний байгуулагдсан цагаас өнөөг хүртэл бүтээсэн хит дуунууд болох “Надаар тоглосон хайр”, “Миний нулимсийг салхи л арчина” “Өвлийн шөнө” зэрэг 28 дуу дуулагдана.
Тэд хэлэхдээ “Бид энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Freezone хамтлаг Улаанбаатар хотод томоохон хэмжээний тоглолт хийлгүй 10 гаруй жил боллоо. Бид энэ тоглолтонд байгуулагдсан цагаасаа авахуулаад хит болсон бүх дуунуудаа амьд хөгжимтэй дуулж байгаагаараа онцлог. Зарим нэг дуунуудаа попури хийж дуулахгүй бол цагтаа амьжихгүй байдал үүссэн. Тоглолтонд мэдээж анхны бүрэлдэхүүн болох Заяа, “Намрын дурсамж” дууг маань хамтран дуулсан Ice top-ын Хаагий гэхчилэн олон уран бүтээлчид оролцоно. Ер нь л энэ тоглолт дурсамж сэргээсэн сайхан тоглолт болно гэдэгт бид итгэлтэй байна. Тиймээс бидний үеийн найз нарыгаа энэ тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.
Ойн баярын хүрээнд тэд зургийн болон ковер дууны уралдаануудыг зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр ковер дууны тэмцээнд түрүүлсэн ШУТИС-ын оюутан н.Тэлмэнд шагналыг нь гардууллаа.

Дашрамд сонирхуулахад Freezone хамтлаг “Хотын хэмнэл” тоглолтын орлогоос болон залуусын хандиваар ирэх жилээс "Хайрын мод"-ыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ Эрдэнэзуу хийдийн мөнгөн модны жижиг загварыг монголын шилдэг төмрийн дархчуулаар урлуулахаар зураг төслийг нь хийжээ. Дэлхийн олон улс оронд байдаг "Хайрын мод"-нд залуус хайрттайгаа очиж цоож зүүн үргэлж хамт байх бэлгэддэг юм.
Н.Анар