
Нийслэлийн прокурорын газраас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Чинбаатар нарт холбогдох хэргийг сэргээн шалгах тогтоол гаргаж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. АМГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг нарт холбогдох хэргээс шүүх 108 тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосныг тогтоож, хүчингүй болгох шийдвэр гаргасан. Харин түүнээс хоёрыг нь "Өсөх зоос" компанийнхан ямар нэг байдлаар авсан аж. Тус компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрладаг, сонгон шалгаруулалтын журмаар олгох ёстой ашигт малтмалын хайгуулын 15177Х, 15178Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайг АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Даваацогт нараас ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр авчээ. Үүнийг нь шат шатны шүүх нотолж, хүчингүй болгох шийдвэр гаргасан. Гэтэл тус компанийнхан Н.Чинбаатартай үгсэн тохиролцож, шүүхээс хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийг сэргээж авсан гэдэг. Тиймээс Н.Чинбаатар тэргүүтэй хэд хэдэн хүнийг хэргийг дахин шалгаж эхэлсэн талаар эх сурвалж хэлж байна. Дашрамд хэлэхэд, эл хэрэгт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг ч холбоотой гэж яригдах болсон.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (2)