
Үзэсгэлэнд Сальвадор Дали, Виктор Вазарели, Жорж Брак, Сэм Фрэнсис, Карл Отто Гёц, Мэл Рамос, Валтер Вомака, Хэнри Мүүр, А.Р.Пенк, Ханс Хартунг, Фернанд Лежер, Отто Пийнэ, Антони Тапиес нарын бар зургийн 23 ажлын эх хувийг дэлгэх юм.
Эдгээр уран бүтээлүүд нь Германы иргэн, Доктор Гуннар Энгхусений цуглуулгын дээжис юм. Тэрбээр Германы томоохон цуглуулагчдын тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд түүний цуглуулга нь импрессонизм, экспрессионизмийн үеийн герман уран бүтээлчдийн бүтээлээс эхлээд Европ, Америкийн орчин үеийн болон нэн орчин үеийн сонгомол бүтээлүүдийг хамардаг аж.
Тус үзэсгэлэнд сюрреализм, абстракт экспрешнизм, оп арт, арт информел урсгалуудад хамаарах уран бүтээлчид, бар зургийн бүтээлийг гол төлөв сонгосон байна. Бар зураг нь Дорнод манай эриний VI зуун, Өрнөд сэргэн мандалтын эхэн үеэс бий болжээ. Барлах аргаар туурвихдаа зургийг шууд цаас, зотон дээр буулгах бус харин мод, төмөр, метал эд дээр дүрсийг урвуу харуулан сийлбэрлэж, гаргаснаа цаасан дээр буулгадаг юм.
976 арт галерейд зохион байгуулагдах уг үзэсгэлэнгийн хувиарын дагуу энэ сарын 15-нд хувийн хаалттай үзвэр, 16-нд Vernissage буюу нээлтийн өмнөх ёслол болно. Улмаар энэ сарын 17-оос 2014 оны нэгдүгээр сарын 4 хүртэл олон нийтэд төлбөртэй үзүүлэх юм байна.