Налайх дүүргийн прокурорын газраас хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журам зөрчсөнөөс бусдын бие махбодид хүндэвтэр хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон хэргийн шийдвэрлэлтийн байдлыг 2011, 2012, 2013 оны байдлаар судалж дүгнэлт хийжээ. Ингэхэд бусдын бие махбодид хүндэвтэр хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон хэрэг нийт 54 удаа гарсаны 88.8 хувийг уурхайн орчинд үйлдэгдсэн хэргүүд эзэлжээ. Дээрх төрлийн хэргийг 2011 онд бүгдийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг байсан бол 2012 онд 5 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэн энэ төрлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг байсан буруу практикийг үгүй болгож, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үнэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэрэг 2012 онд 62.5 хувиар буурчээ. Тиймээс энэ онд нийт 15 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байх бөгөөд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах, хэрэгсэхгүй болгож цагаатгах зэргээр шийдвэрлээгүй тохиолдол гаргаагүй байна.Мөн тус дүүрэгт уурхайн орчинд үйлдэгдсэн дээрх төрлийн хэргээс гадна тоосго блок, төмрийн үйлдвэр мөн барилга, өндөр хүчдэлийн ажил үүрэг гүйцэтгэдэг аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хоёр хүн нас барж, дөрвөн хүн гэмтсэн нийт зургаан хэрэг гарсан байх бөгөөд дээрх хэргүүдээс 2-г нь шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн таван хэргийг ЭБШХ-ийн 208.1.3, 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
Судалгааны дүнгээс харахад тус дүүргийн прокурорын газарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журам зөрчсөнөөс бусдын бие махбодид хүндэвтэр хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон хэргүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зөв шийдвэрлэдэг практик тогтсон байх ба энэ практик дээр үндэслэн дүүргийн прокурорын газраас энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар зөвлөмж гаргасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































