Хил, гаалийн хяналт сул, рентген тоног төхөөрөмж нь хоцрогдсон байдгийг далимдуулан, хар тамхины худалдаа эрхэлдэг зохион байгуулалттай бүлэглэлүүд манай улсад хар тамхи оруулж ирэх төрөл бүрийн арга сэддэг байна. Тухайлбал, цахим хуудсаар дамжуулан өөр нэг улсад буй “клиент”-дээ захиалга өгч, шуудангийн илгээмжээр авч, төлбөрийг нь банкны олон улсын гүйлгээ ашиглан хийдэг аж.Ингэж захиалж авдаг 10-аад залууг УМБГ-т шалгаж, өдгөө НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх болсон талаар эх сурвалж мэдээллээ. Цахим орчинд хар тамхи мансууруулах бодис худалддаг хуудас байсан бөгөөд манай залуус тухайн хаягаар орж захиалга өгдөг байжээ. Захиалгыг нь олон улсын шуудан илгээмж, эсвэл захидал хэлбэрээр Монгол Улс руу оруулдаг байж. Илгээмж дотор хайрцагтай эм байх бөгөөд тэр нь мансууруулах үйлчилгээтэй бодис гэнэ. Харин захидалд нийлэг аргаар гаргаж авсан “мөс”-ийг хэв, дардсанд оруулан марк хэлбэртэй болгоод илгээж байсан гэнэ.
24tsag.mn



















































