Энэ оны онцлох үйл явдлын тоонд монгол хэл дэлхийг хэрсэн “Google”-ийн орчуулгын санд орсон үйл явдал болж байна. Оны эцэст болсон ч монголчуудын хувьд яах аргагүй онцлох үйл явдал. Өмнө нь 2011 онд С.Батболд Ерөнхий сайд байхдаа энэ асуудлаар “Google” корпорацийн гүйцэтгэх захирал Эрик Шмидттэй уулзаж байжээ. Харин түүний эхлүүлсэн энэ ажлыг УИХ-ын дарга З.Энхболд дэмжсэн. Тэрбээр мэргэжилтнүүдийн дунд уулзалт зохион байгуулж, “Google translate” прогаммд монгол хэлийг оруулах баг бүрдүүлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу 2013 оны эхээр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын мэргэжилтнүүд болон бусад хүмүүсээс бүрдсэн баг гарч, ажлаа эхэлсэн байдаг юм. Мөн энэ ажилд “Google” компанид ажилладаг Баттулга гэх монгол залуу багагүй хувь нэмрээ оруулжээ. Хэдийгээр үгийн сан багатай, алдаа мадаг ихтэй ч цаашид сайжруулахаар ажиллаж байна. Харин энэ ажил олон жил орчуулгаар хоолоо олж идэж байсан англи хэлний орчуулагч нарыг бухимдахад хүргэж эхэллээ. Орчуулгын товчоод нэг хуудас текс орчуулахад 15 мянган төгрөгөөс буудаггүй. Тодорхойлолт, маягт, курсын ажил орчуулах гээд багагүй ашиг, орлоготой ажил. Тиймээс “Google translate”-ийн монгол хэлнээс хөрвүүлэх чадвар, чадал сайжирвал нэг биш нэлээн хэдэн хүн ажлын байргүй болох тул санаа зовцгоож эхэлсэн байна. Мэдээж мэргэжлийн, сайн орчуулагч нарт хэзээд ажил олдоно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч манай улс орчуулагчийн хомсдолд орсон гэдгийг хэлсэн. Хомсдол гэдэг нь орчуулга хийх хүн олдохгүй байгаадаа биш мэргэжлийн, өндөр түвшинд орчуулга хийх хүн цөөн байгаагаас тэр юм. Залуучууд англи хэлийг сурч байгаа ч “дундаж” түвшнийхэн дэндүү олон болжээ. Тиймээс англи хэлээр хоолоо олж иддэг байсан орчуулгын товчооныхон бизнес нь хумигдах гэж байна хэмээн энэ төслийг санаачлагчдад буруу өгч эхэлсэн сурагтай.
Ямартай ч энэ онд бид дэлхийн 60 гаруй хэлийг багтаасан "Google translate"-д нэгдэж чадлаа. Цаашид сайжруулаад явбал орчуулагч нарт өгдөг байсан мөнгө, бас цаг заваа хэмнэх нь тодорхой.




















































Сэтгэгдэл (18)