
“Жаст” групптэй зээл эргэн төлөлтийн асуудлаар маргаан үүсгэсэн Өмнөд Африкийн “Стандарт” банкны зөвлөх Шинэ Зеланд улсын иргэн Крис Брэдлиг Монголоос гарахыг хориглоод байсан. Тэгвэл тэрбээр энэ сарын 19-нд Монголын хилээр гарсан байна. Тэрбээр энэ талаарх мэдээллээ Шинэ Зеландын Окланд хотоос өнгөрсөн даваа гаригт мэдээлжээ. Африкийн томоохон зээлдэгч банкны зөвлөх Крис Брэдли нь дөрвөн хүний хамтаар өнгөрсөн арваннэгдүгээр сард “Жаст” компанид зээлдүүлсэн 131 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийн асуудлаар Монголын Засгийн газартай уулзалт хийхээр ирсэн юм. Харин энэ арванхоёрдугаар сарын 4-нд зөвлөх Крис Брэдлиг албаныхан Монгол улсыг орхин явахыг хоригложээ. Тэрбээр “Намайг Монголын хууль хяналтын байгууллагынхан ямар шалтгаанаар хориод байгааг ойлгохгүй байна. Шалтгаанаа ганц ч удаа надад тайлбарлаж хэлээгүй” хэмээн Ерөнхийлөгчид хүртэл хандсан. Эцэст нь тэрбээр Монголоос гарч чаджээ. Сүүлийн есөн жил “Стандарт” банкинд зөвлөхөөр ажилласан тэрбээр тавдугаар сараас хойш Монголд таван удаа ирсэн байна.
Т.Энхэлээ