
Шүүхэд шилжүүлсэн хэрэг нь шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаж, хяналтын ажлын гологдолд тооцогдсон нь прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангахгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж нотлоогүй, яллагдагчийн ял шийтгэлийн байдлыг шалгуулаагүй, насанд хүрээгүй яллагдагчийн хувийн байдлыг шалгаагүй, насыг нь тогтоогоогүй, насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журмыг хэрэгжүүлээгүй, зарим сэжигтэн яллагдагчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон атлаа энэ талаар хохирогчид мэдэгдээгүй, хохирогч, яллагдагчид хэргийн материал танилцуулаагүй зэргээр ЭБШХ-ийн заалтыг хэрэгжүүлж ажилаагүйтэй холбоотой байна.
Шүүхийн шийдвэр нь илтэд хууль зөрчсөн, мэргэжлийн алдаа гаргасан шүүгчид хариуцлага тооцуулахаар зохих газарт нь Архангай аймгийн прокурорын газар 3 удаа, Говь-Алтай аймгийн прокурорын газар 1 удаа ханджээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын зүгээс прокурорын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан тохиолдол гараагүй байна. Харин Говь-Алтай аймгийн прокурорын газар 3 шийдвэр гүйцэтгэгчид, Говьсүмбэр аймгийн прокурорын газар 2 шийдвэр гүйцэтгэгчид албан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зөрчилд нь хариуцлага тооцуулсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/