Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Уг хэргийг АТГ-т шалгаж байгаад ТЕГ-т шилжүүлж, ТЕГ шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн юм. Өмнө нь шүүх хурлыг арванхоёрдугаар сарын 18-ны өдөр товлосон ч шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшилсон юм. Тэгвэл шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болж байгаа гэх мэдээлэл байсан ч энэ талаар тодруулахад, "Сүхбаатар дүүргийн шүүх зөвхөн иргэний нэхэмжлэлтэй хэргийг авч хэлэлцдэг болсон. Баянзүрх дүүргийн шүүхэд өглөө 08.30 цагт эхэлсэн. Хурал дуусаагүй, үргэлжилж байна" гэв. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 264.2 буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.
Генерал Т.Дашдэлэг нарыг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан юм. Тодруулбал, Хойд Солонгосоос 1.5 сая ам.доллар авсан атлаа онгоцныхоо моторыг хүлээлгэж өгөөгүй учир тус улсаас манай улсын Засгийн газар, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн мөнгөө эргүүлэн авахаар хандсанаар эл хэрэг олны анхааралд өртөж, ил болсон билээ.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (2)