
Бямба гарагт эхэлсэн энэ тэмцээнд бүх, аймаг, нийслэлийн анхан шатны тэмцээнд оролцсон нийт 1200 орчим тамирчнаас шалгарсан 120 шилдэг шатарчин оюун ухаанаа уралдуулж байгаа юм.
Өнөөдөр 10 цагт эхэлсэн тэмцээний явцаас мэдээлбэл, 5 өргийн дараа эрэгтэй шатарчдаас Ц.Лхагвасүрэн /нийслэл/, эмэгтэй шатарчдаас Г.Номин /Сэлэнгэ аймаг/ нар нэг ч хожигдолгүй 5 оноотой тэргүүлж явна. Тэдний араас эрэгтэйчүүдээс нийслэлийн С.Алтангэрэл, Д.Мөнхтөр, Орхон аймгийн Д.Батжаргал, эмэгтэйчүүдээс нийслэлийн Э.Одгэрэл, Ж.Даваасүрэн, Ц.Азбилэг, орон нутгийн төлөөллөөс Булганы Н.Мөнхтуяа нар тус тус 4 оноотой нэхэж явна.
Хоёр дахь жилдээ зохиогдож байгаа энэ тэмцээнд 18-аас дээш насны шатарчид оролцож байгаа бөгөөд хамгийн ахмад нь УИХ-ын харьяа төрийн байгууллагуудыг төлөөлөн оролцож буй шатарчдын нэг, Үндсэн хууль батлалцаж явсан АИХ-ын депутат, 93 настай Ц.Лоохууз гуай байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.