
Хүчит бөхийн барилдааныг Улсын Их Хурлын дэд дарга, Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга Р.Гончигдорж нээж товч үг хэллээ.
Бөхийн барилдааны нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс байлцав.
Барилдаанд улсын арслан Ө.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх нарын хүчит 224 бөх зодоглолоо.
Тус барилдааныг 1992 оноос хойш зохион байгуулж ирсэн юм. Энэхүү барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу дөрөв түрүүлсэн бол И.Доржсамбуу гарьд гурван удаа түрүүлж байжээ.
Хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
