
Д.Нацагдоржийн номын сангийн засварыг 500 орчим сая төгрөгөөр хийсэн компанийг чанарын шаардлага хангаагүй хийж, төсвийн мөнгө үрэн таран хийсэн гэсэн шүүмжлэл гарч байгаа. Тэгвэл үүнд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн дарга Б.Лхагважав тайлбар хийлээ. Тодруулбал, "Нийслэлийн Төв номын сангийн засвар бол 495 сая төгрөгийн гэрээт үнийн дүнтэй, “Рендер Бау” компани 2013 оны тавдугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 20 хооронд гэрээт хугацаандаа чанартай хийж улсын комисст хүлээлгэж өгсөн. Энэ ажлыг тоо хэмжээ, чанар стандарт, норм дүрмийнх нь дагуу ямар ч асуудалгүй гүйцэтгэж, ажиглагч байгууллагад нь хүлээлгэж өгсөн. Төв номын сан өнөөдөр хэвийн ажиллаж байна.Ийм байхад тухайн сэтгүүлчийн юм уу тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлагагүй үйлдлээс болж олон хүмүүсийн хөдөлмөрийг үгүйсгэж, сөрөг ойлголт өгсөн. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зүгээс энэ мэдээлэлд тодорхой хэмжээний няцаалт өгч, нэр төрөө сэргээлгэх үйлдлүүд хийх болно гэдгийг албан ёсоор хэлье" гэжээ.
Тэгвэл тухайн мэдээллийн дагуу УЕПГ-аас Д.Нацагдоржийн номын сангийн засварын ажлыг гүйцэтгэсэн компанийг болон дээрх мэдээллийг шалгахаар болсоноо мэдэгдсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/