Энэ сарын 22-ны өдрийн 20 цагийн орчим Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багийн нутаг Гунын эхний “Баржин” гэдэг газар иргэн Н, Д, Б нарыг гэрт нь буудаж амь насыг хохироосон онц хүнд гэмт хэрэг гарсан. Дээрх хэргийг тус сумын харьяат 21 настай Б.Энхбат гэгч үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдээд 16 настай Э.Одтэнгэрийн хамт мотоцикль хулгайлан оргон зугтаж явсныг цагдаа, прокурорын хамтарсан ажлын хэсэг энэ сарын 25-ны шөнийн 03 цаг 30 минутад баривчлан хорьсон байна. Б.Энхбат нь гэмт хэрэг үйлдэхдээ 2 амтай шувууны бууг ашигласан бөгөөд уг бууг тус сумын иргэн Ү-гийн гэрээс 8 сум, бусад эд зүйлийн хамт Э.Одтэнгэртэй бүлэглэн хулгайлан авчээ.
Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.11, 91.2.12, 91.2.16, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Хэргийн газрын үзлэг, сэжигтэн этгээдүүдийг баривчлах үйл ажиллагаанд Аймгийн прокурор А.Аварзэд, орлогч прокурор Ш.Насанжаргал нар оролцож хяналт тавин ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































