Тайландын нийслэл Бангкок хотноо Сонирхогчдын боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай улсын баг тамирчдаас гурван боксчин хүрэл медалийн болзол хангалаа. Тодруулбал манай боксчдоос 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-ын жинд Э.Цэндбаатар, 56 кг-ын жинд Б.Мишээлт нар хүрэл медалийн болзол хангасан юм. Тэд өнөөдөр мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө.
Энэ сарын 25-нд буюу өнгөрөгч бямба гарагт эхэлсэн зургаа дахь удаагийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 16 орны тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн маргааш өндөрлөх аж.
Тэмцээнд манай улсаас долоон боксчин өрсөлдсөнөөс дөрвөн тамирчин ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлээд байгаа юм.


















































