
УИХ –ын 2013 оны намрын ээлжилт чуулган өндөрлөлөө. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын чуулган завсарлахын өмнө дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан хэлэлцэж Улсын Их Хурлын тогтоол баталдаг. Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас саналыг нь урьдчилан авч уг тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд тусгуулахаар хууль санаачлагчдаас нийтдээ 279 санал ирүүлжээ. Ингээд “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүний 35 нь буюу 56.5 хувь нь дэмжээгүй учраас тогтоолын төслийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэж шийдвэрлэхээр болов. Үүгээр Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы ажиллагаа өндөрлөж УИХ –ын 2013 оны намрын ээлжит чуулганы ажиллагааг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэллээ.