
XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын гарьд Д.Рагчаа түрүүллээ. Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Г.Эрхэмбаяр, Д.Ганхуяг, П.Бүрэнтөгс тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой, хүчит 256 бөх зодоглосон тус барилдаанд Д.Рагчаа наймын даваанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан О.Хангайг давж, түрүүлсэн юм. Их шөвгийн дөрөвт улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нар тунаж үлдлээ.
Модон морин жилийн сар шинийн барилдаанд түрүүлсэн Д.Рагчаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө зүйж байсан бугуйн цагийг дурсгал болгосон юм.