
Монголын Залуучуудын Холбооноос 16 дах жилдээ зохион байгуулж байгаа “Цагаан-Уул” наадам өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байж, нилээдгүй шуугиан тарьсан. Учир нь шүүгчдээ ил зарлаж тэмцээнд оролцогчдын дунд эргэлзээ төрүүлэн, шүүгчдийн нэг нь таньдаг хүндээ нэгдүгээр байрын шагналыг өгсөн гэхчилэн нилээдгүй хэл ам дагуулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл энэ жил МЗХ хашир суусан бололтой тэмцээний шүүгчдийг хав дарсан гэнэ. Энэ жилийн шүүгч хэн юм болоо гэсэн таамаг оролцогчдын сонирхлыг татаж, хор шарыг хөдөлгөж байгаа бололтой. Жилд ганцхан тохиох хайрын шүлгийн наадам залуучуудын өөрсдийгөө сойдог хамгийн том яруу найргийн наадам гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ жилийн хувьд аймгуудад зохион байгуулагдаж эхний гурван байрт шалгарсан найрагчид улсын хэмжээний наадамд оролцох эрхтэй болж байгаагаараа онцлог юм байна. Тиймээс энэ жилийн “Цагаан-Уул” наадам уулын орой шиг өндөр босготой болж залуу яруу найрагчдад “ташуур” өгөх бололтой.