
Монгол бөхийн өргөөнд улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр боллоо. Улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөхөөс Говь-Алтай аймгийн харьяат Макс группийн хоёр бөх тэргүүн байр булаацалдав. Тус барилдаанд одоогоос арван нэгийн жилийн өмнө улсын их баяр наадамдаа Ц.Магалжаваар тав давж начин цолонд хүртсэн Дугардоржийн Батбаяр найм даван түрүүлсэн юм. Тэрээр үзүүр түрүүнд улсын заан Б.Соронзонболдтой барилдаж давсан. Харин шөвгийн дөрөвт улсын начин Л.Пүрэвсайхан, улсын арслан Х.Мөнхбаатар нар үлдсэн юм.