
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн өнгөрсөн 2012 оны нэгдүгээр сараас эхлэн НӨАТ-ын падааныг хий бичилттэйгээр, хууль бусаар бусдад тарааж байсан компаниудын захирал, нягтлан нарыг Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд заасан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Татвараас зайлсхийх энэ хэрэгт давхардсан тоогоор 3313 компанийн албан тушаалтнуудыг шалгажээ. Шалгалтын явцад эдгээр компани нас барсан хүн, гадаадын иргэн, гадаадад сурдаг оюутны нэр дээр ч компани байгуулж хуурамч падаан үйлдэж татвараас зайлсхийсэн болохыг тогтоогосон байна. Одоогоор эдгээр компани нийтдээ 608 тэрбум орчим төгрөгийн татвараас зайлсхийснийг илрүүлжээ.
Тодруулбал, Өнгөрсөн хоёрдугаар сард л гэхэд "Хаан шилтгээн хатан сэнтий", “Валверус”, “Сэлэнгийн төгөл”, “Төгс-Үчинбэр”, “Дөрвөн гангууд”, “Далайдорж”, “Дархан наран сүлд”, “Энх-амьдаа” зэрэг 42 компанийн захирал, нягтлан бодогчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Сүлжээ болж бүлэглэсэн эдгээр компаниудын тоо цаашдаа нэмэгдэх хандпагатай байгааг ч албаны эх сурвалж онцолж байна. Одоогоор 40 гаруй компанийн албан тушаалтнуудыг эрүүгийн арван хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/