
Дашрамд дуулгахад Говь-Алтай аймгаас Монгол улсын Алдар уяач 12, Манлай уяач 1, Тод манлай уяач 3 төрөн гарсан байдаг. Энэ нутгийн уяачид газар нутгийн холоос болоод төрийн их баяр наадамд төдийлөн ирж уралдаад байдаггүй ч сүүлийн жилүүдэд Алтай нутгийн нэр ёс юм шиг л гарах болсон. Өнгөрсөн жил л гэхэд Шарга сумын уугуул МУТМУ Хадбаасангийн Бат-Эрдэнэ улсын их баяр наадмаас 1 түрүү, 5 айраг хүртсэн.
Үүнээс гадна Бигэр сумын уугуул Бөөрөнхийн Амарбаясгалангийн хүрэн халзан морь тавалж, Шарга сумын уугуул Төмөрбаатарын Зулзүсэмийн хонгор хязаалан гурвалж, Чандмань сумын уугуул Жамцын Энхболдын зээрд даага аман хүзүүдэж, Жаргалан сумын уугуул Анандын Ариунсайханы хөөрхөн зээрд азарга эрлийз дээд насанд гурвалсан гээд Алтай нутгийн хийморилог уяачид ардын төрийн наадамдаа одтой сайхан наадсан билээ. Түүнчлэн монголын шигшмэл хурдан морьдын Их хурд уралдаан, бүсийн уралдаануудаас ч гэсэн энэ нутгийн уяачид айраг, түрүү олныг хүртсэн.
Эх сурвалж: Б.Ганпүрэв /HIIMORI.mn/