
Зэвсэгт хүчний 93 жилийн ой "Монгол цэргийн өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаанд өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрлөө. Тус барилдаанд аварга С.Мөнхбат, арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, гарьд И.Доржсамбуу, Б.Ганбаатар, Б.Гончигдамба, заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Ч.Санжаадамба, Б.Батмөнх, Б.Соронзонболд, Улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, А.Бямбажав, Н.Батсуурь нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 224 хүчтэн зодоглосон юм.
Эдгээр олон хүчтэнүүдээс Завхан аймгийн Их-Уул сумын харьяат "Завхан" дэвжээний бөх Улсын гарьд Б.Гончигдамба найм даван түрүүлж, Ховд аймаг Чандмань сумын харъяат, "Ховд" дэвжээ, "Нью прогресс" группийн бөх, Улсын начин Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ. Их шөвөгт Увс аймаг Баруунтуруун сумын харъяат Улсын аварга С.Мөнхбат, мөн Увс аймгийн харьяат харцага Н.Батсуурь нар шалгарчээ.