1996 оноос хойш удаа дараагийн үйлдлээр бага насны хүүхэд хүчиндсэн болон хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргүүдэд сэрдэгдэн цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан Б-г өчигдөр ЭЦГ-ынхан баривчлагдсан талаарх мэдээлэл гарсан. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, "Эрүүгийн цагдаагийн газарт энэ хэргийг шалгаж байгаа нь үнэн. Одоо мөрдөн байцаалт явагдаж байна" гэв.Удаа дараагийн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ч баригдалгүй оргон зайлж чаддаг байсан түүнийг ЭЦГ-ынхан сүүлийн нэг жилийн өмнөөс байж болох газрыг тогтоож, шаардлагатай ажиллагаануудыг хийсний үр дүнд ийнхүү баривчилсан байна. Б нь удаан хугацааны туршид овог нэрээ сольж, тодорхой хэмжээнд зүсээ өөрчилж Монгол улсын иргэний бүртгэл мэдээллийн болон халамж үйлчилгээний сан, жолооны үнэмлэх, банк санхүүгийн байгууллага, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бүртгэлгүйгээр амьдарч байсан байна. Мөн тэрбээр эхнэр, хоёр хүүхэдтэй аж.
Б нь 1971 онд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, Э нэрээр СХД амьдарч байсныг Эрүүгийн цагдаагийн газар, мөрдөн байцаах газрын ажилтнууд удаан хугацааны мөрдлөгийн үр дүнд илрүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































