
Энэхүү тоглолтын талаархи хэвлэлийн бага хурал өнөөдөр Монголньюс мэдээллийн төвд болж өнгөрлөө. Хуралд морин хуурч Д.Шинэцог-Гени УГЗ хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, УГЗ удирдаач Н.Бүтэнбаяр нар оролцсон юм.
Морин хуур симфони найрал хөгжимд зориулсан Монголын сонгодог бүтээлүүдийн концерт гэдэг утгаараа энэхүү тоглолт нь анхдагч болж байгаа бөгөөд олон нийтийн хөгжмийн боловсролд зориулагдсан, үндэсний өв соёлоо таниулах томоохон зорилгыг агуулсан байна. Тоглолт цаашид цуврал концерт болон тоглогдож, олон нийтэд урлагаар дамжин соёлын өвийг таньж мэдэх боломжийг олгохоор төлөвлөжээ.
Тоглолтонд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангал, Б.Шарав, Б.Мөнхболд, Олон улсын хөгжмийн зохиолчийн шагналт Ш.Өлзийбаяр нарын морин хуур симфони найрал хөгжимд зориулсан сонгодог бүтээлүүд эгшиглэх юм.
“Морин хуур мину” концерт энэ сарын 21-нд 19.00 цагаас Төрийн ордны их танхимд болно.
24tsag.mn