
“Дараа нь харамсахгүйн тулд..Та хогоо багасга, бод, боловсруул” нэртэй эл үзэсгэлэнг Монголын Урлагийн зөвлөлийн санаачилгаар “Рио Тинто” групп ивээн тэтгэж буй аж. Энэ сарын 19-31 хүртэл үргэлжлэх эл үзэсгэлэнгээр хог хаягдлаа бууруулах, ангилах, дахин ашиглах замаар хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хамгаалахыг уриалах юм байна. Үзэсгэлэнд долоон залуу уран бүтээлч дахивар хог хаягдлаар бүтээсэн орчин үеийн баримал буюу инстоляци, фото, видео хэлбэрээр бүтээлээ дэлгэжээ. Эдгээр бүтээл нь хүмүүс хог хаягдлын анхан шатны үйлдвэрлэгч гэдгийг ухамсарлуулах, хог хаягдлыг багасгах, ангилах, ухаалаг хэрэглээг хэвшүүлэхийг сануулах аж.
Монголын Урлагийн зөвлөлийн Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөрийн захирал Х.Оюундарь ярихдаа, “Олон улсад орчин үеийн урлагийн бүтээлүүд нь зөвхөн хүн төрөлхтний гоо сайхан, төгс төгөлдөрийн илэрхийлэл байхаас гадна нийгэмд өрнөж буй олон талт үйл явцыг илэрхийлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг төлөвшүүлэх чиг хандлагатай болж байна. Тиймээс зохион байгуулагчид уран бүтээлийн хийц, хэлбэрээс илүү, бүтээлийн санаа, сэдэл, нийгэмд хүргэх үр нөлөө, ач холбогдлыг чухалчилсан” хэмээн ярилаа.