Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү хар тамхины хэрэгт холбогдсон тухай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл энэ талаар УПЕГ-ын орлогч Г.Эрдэнбатаас тодруулахад "Д.Сугарын хүү болох С.Цог нарын 12 хүнд Хан-Уул дүүргийн шүүхээс яллах дүгнэлт үйлдээд Нийслэлийн нэгдүгээр шүүхэд шилжүүлсэн. С.Цог нь 1987 онд төрсөн буюу насанд хүрсэн хүн байгаа" гэсэн юм.Тэгвэл С.Цог нарын 12 хүнд холбогдох Давж заалдах шүүх хурал болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шийдвэрийг Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон байдаг. Тиймээс С.Цог нарын хүмүүсийн анхан шатны шүүх хурал өнөөдөр дахин болох байсан ч нэг өмгөөлөгч нь шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэж хүссэн учир хойшилжээ. Тодруулбал, шүүгдэгч нарыг өмгөөлөгчөөр хангах ёстой гэсэн үүднээс нэг өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч ирэх сарын 1-ний 09.30 цаг хүртэл шүүх хурлыг хойшлуулсан байна.
Дашрамд хэлэхэд С.Цогтой хамт Ц.Эрдэнэбилэг, Г.Бямбасүрэн, Б.Гүнбилэг, Д.Одхүү, Э.Золжаргал, Б.Энхтайван, Г.Ууганбаяр, О.Анударь, Т.Тамир, А.Анар, Н.Оюунжаргал нар шалгагдаж байгаа аж. Харин эдгээрийн өмгөөлөгчөөр Т.Мөнхтуяа, Р.Пүрэвлхам нар ажиллаж байна. Түүнчлэн зүйл ангийн хувьд Эрүүгийн хуулийн 188.2, 192.1, 192.2, 192.3.4-р зүйл ангиар шалгаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































