Монгол Улс газар нутгийнхаа 30 хувьд геологийн судалгаа хийсэн гэсэн тооцоолол бий. Нарийвчилсан судалгааг улам далайцтай хийвэл Тавантолгой, Оюутолгой шиг ордууд илрэхийг үгүйсгэхгүй гэж мэргэжилтнүүд онцолдог. Тиймээс нутаг дэвсгэрийнхээ геологийн нарийвчилсан зураглалыг яаравчлан гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Манай орны геологийн тогтоц бусдынхтай харьцуулбал маш өвөрмөц, ашигт малтмалаар баян гэдгээрээ гайхагддаг. Тэгвэл Баруун Европын хөгжингүй орнуудын геологийн судалгааны түвшинг авч үзэхэд тэд нэг км нутаг дэвсгэрээ 25 метрийн зайтайгаар судалсан байна. Тэгэхэд хөгжиж буй Монгол Улс нэг ам км нутаг дэвсгэрээ 200 метрийн зайтай бүрэн судалсан байдаг тул судалгааг 50 метр тутамд хийх саналыг мэргэжилтнүүд дэвшүүлжээ.
