Монгол хүн сансарт ниссэний 33 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музей, “Сансар” сан, Монголын марк цуглуулагчдын холбоо хамтран “Сансар судлал”-ын бэсрэг үзэсгэлэнг Монгол цэргийн музейд гаргаж байна..Энэхүү үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа сансар судлалын бүтээлүүд, зарим эд өлгийн зүйлс болон хувийн цуглуулгууд багтсан байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дондогийн “Оддын хотхон”, Ч.Батмөнхийн “Монголын анхны сансрын нисгэгч, Монгол улс, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаагийн хөрөг”, зураач Ц.Ванчигийн “Хүслийг жигүүрлэгч” зэрэг уран зургууд, Г.Алтанхуягийн “Ахан дүүс”, Ганбаярын “Ю.А.Гагарин” хөөмөл, сансрын нисгэгчийн малгай болон монгол хүн сансарт нисч байх үеийн орос монгол сонин хэвлэлүүд, ном зохиолууд, шуудангийн марк, энгэрийн тэмдэг, олон улсын ярианы карт, зооснууд үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байв.

Цуглуулагч Н.Чинбат нь дэлхийн болон Ази тивийн үзэсгэлэнгээс таван удаа хүрэл медаль, нэг удаа мөнгөн медаль хүртсэн бол Б.Алтангэрэл тив, дэлхийн маркийн үзэсгэлэнд 11 удаа оролцсоноос 10 удаад нь медаль хүртэж байсан туршлагатай, нэн баялаг цуглуулгатай эрхмүүд юм байна.