Өнгөрсөн сарын 25-ны өдөр хэвлэл мэдээллээр “Цэрэг зодуураа даалгүй нас барав уу…Эсвэл”, “Налайхын цэргийн ангид цэрэг нас барсан” гэсэн мэдээллүүд гарсан. Тэгвэл Налайх дүүргийн прокурорт тус хэрэгтэй холбоотой гомдол мэдээллийг дүүргийн цагдаагийн хэлтэс өнгөрсөн онд өгсөн байна. Улмаар хүлээн авч шалгахад 2013 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах ЗХ-ийн 014 дүгээр ангийн цэргийн казармд 01:30 минутын орчим байлдагч М.Мөнх-Эрдэнэ унтаж байгаад нас барсан хэрэг гарсаныг тогтоожээ.Улмаар 2013 оны 12 дугаар сарын 13-нд тухайн хэрэг Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар 201301080354 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад байлдагч М.Мөнх-Эрдэнэ нь гадны ямар нэг нөлөөгүй зүрхний шигдээс өвчний улмаас нь барсан болох нь тогтоогдсон байна. Тиймээс хэргийг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ЭБШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт ирүүлснийг хяналтын прокурор Ш.Нямдорж хүлээн авч хянаад өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр 5/24 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Гэтэл хохирогчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “хэргийг сэргээж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгнө үү” гэсэн гомдлыг дүүргийн прокурорт гаргасан бөгөөд дүүргийн прокурор Н.Найгалдорж гомдлыг хүлээн авч хянаад өнгөрсөн сарын 10-ны өдрийн 5/01 тоот тогтоолоор хэргийг сэргээж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар мөрдөн байцаалтанд шилжүүлсэн байна.
Дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхболд хэргийг хүлээн авч дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахад “Талийгаач М.Мөнх-Эрдэнэ нь зүрхний шигдээс буюу өвчний учир амь нас нь хохирч түүний үхэлд гадны ямар нэгэн нөлөө байхгүй” гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс хэргийг дахин хэрэгсэхгүй болгох саналыг гарган хэргийг прокурорт шилжүүлсэнийг хяналтын прокурор Ш.Нямдорж хүлээн авч хянаад энэ сарын 06-ны өдрийн 5/58 тоот тогтоолоор ЭБШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (2)