Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд О.Чулуунбат өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг ил задгай шүүмжилж, үүнд эрх баригчдын алдаатай бодлого шууд нөлөөлсөн гэдгийг хэлж байгаа. Тэрээр “Өнгөрөгч онд бид хоёр ч бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөртэй нийлээд 4 тэрбум доллар зэх зээлд нийлүүлсэн, ийм хэмжээний мөнгө нийлүүлээд дөнгөж 11 хувийн өсөлт авлаа. Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөрөө зогсоох ёстой. Үүнийг дэлхий даяар туршаад бүтэлгүйтсэн. Эдийн засаг өссөн ч ард иргэдийн амьдрал дээшлээгүй. Шалтгаан нь төгрөгийн ханш 25%-иар уначихсан. Бүхнийг Монголдоо үйлдвэрлэх боломж байхгүй. Бид эхний ээлжинд уул уурхайгаар л өрсөлдөнө. Тиймээс чаддаг юмаа л хийх хэрэгтэй. Шулуухан хэлэхэд Монголоос мөнгө зугтаж байна шүү дээ, нүүрээ буруулчихсан байна. Хүн амьдрал дээр ханьтайгаа таарсан өдрөө гэр бүл болдоггүй биздээ. Удаан хугацаанд бие биеэ харна, танина, хүлээнэ. Бүх бизнес хөрөнгө оруулагч яг үүнтэй адилхан. Их удаан ажиж, хүлээж, хянаж байж Монголд хөрөнгөө оруулдаг. Харин ингэж олж авсан итгэлийг маш амархан эвдэж болдгийг бид сүүлийн хоёрхон жилд харлаа шүү дээ “ гэх мэтээр өнөөдрийн төр засгийн шийдвэр гаргагчдыг хайр, гамгүй гөвж байгаа.Цагтаа төв банкыг толгойлж, эдийн засгийн гол ачааг үүрэлцэж явсан тэрээр дэд сайдын суудлаар амаа үдүүлээд суух ухвар мөчит яавч биш. Зөв ч бай, буруу ч бай Засгийн газрынхаа алдааг ингэж ил цагаан шүүмжилж хэлж чадах хүн өнөөдөртөө түүнээс өөр алга. Гэтэл эрх баригчид О.Чулуунбатын шүүмжлэлийг сонсох нь битгий хэл түүнийг ажлаас нь чөлөөлөх тухай ярих болж энэ яриа Засгийн түвшинд өндрөө авчээ.
Засгийн газрын гишүүд нэгдмэл нэг санаа зорилготой, кабинетын зарчмаар ажилладаг. Гэтэл тос дотроосоо өтнө гэгчээр эдийн засгийн дэд сайд нь Засгийн газрынхаа эсрэг байр суурьтай байгаад Ерөнхий сайд ихэд эгдүүцэж түүнийг энэ үйлдлээ зогсоохыг нэлээн дээрээс шаардсаар иржээ. Харин эдийн засгийн дэд сайд О.Чулуунбат бүр эсрэгээрээ урьд урдынхаасаа илүү хүчтэй дугарах болж, он гарснаас хойш 4-5 удаа томоохон ярилцлага өгч үүндээ өнөөдрийн эрх баригчдын алдааг шүүмжилж хэлсэн байдаг. Үүнд дургүйцсэн Ерөнхий сайд, АН-ын сайд нар Засгийн газрыг бүрдүүлж байгаа шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвад хандаж О.Чулуунбатыг чөлөөлөхийг шаардсан байна. Харин Д.Тэрбишдагва анхандаа энэ саналыг зөвшөөрсөн боловч ямар шалтгаанаар ч юм гэнэт буцах болж О.Чулуунбатын асуудлаас болж АН-ынхантай зөрчилдөх болсон байна. Засгийн газрынхаа эсрэг байр суурьтай, Ерөнхий сайдынхаа бодлогыг дэмждэггүй О.Чулуунбатыг ажлаас чөлөөлөх, үгүй юмаа гэхэд сануулга өгч, цалин сахилгын шийтгэл оногдуулах тухай яриа Засгийн газрын түвшинд яригдсан ч Д.Тэрбишдагва үүнийг эсэргүүцсэн байна. О.Чулуунбатыг чөлөөлөх саналыг Д.Тэрбишдагва ёсчлон биелүүлэхгүй байгаад арга ядсан нэг хэсэг нь түүнийг ядаж том бодлогоос хол, гортигноос гадуур байлгах хэрэгтэй гэж байгаа бол эрх баригчид түүнийг чөлөөлөхийг МАХН-ынхаас хатуу шаардсаар байгаа гэнэ. Хэрвээ байдал энэ чигээр үргэлжилбэл дэд сайдын зөрчлөөс улбаатай маргаан Засгийн газрыг дотроос нь задлах шалтгаан ч болж болзошгүй гэдгийг эх сурвалж мэдээлж байна.




















































Сэтгэгдэл (70)