
Авто спортын томоохон тэмцээн болох бартаат замын Дакар раллигийн 2015 оны уралдааны зам батлагдсан байна. Дакар ралли нь жил бүр өмнөд Америки тивийг хөндлөн гулд туулдаг заншилтай. Энэ удаад ч уламжлалын дагуу Аргентин, Чили, Болив улсуудыг дамнан уралдахаар болжээ. Болив улс нь өнгөрсөн жил шинээр нэмэгдсэн бөгөөд элсэн цөл, байгалийн бартаа саадыг нь тамирчид болон үзэгчид ихэд сайшааж хүлээн авсан. Тэмцээний эхний гараа Аргентины нийслэл Буэнос-Айресаас гараагаа хийж, сүүлийн бариандаа мөн энд орно. Дакар ралли 2015 оны нэгдүгээр сарын 3 -19 хооронд үргэлжилж, тамирчид нийт гурван улсын 9000 км замыг туулж өрсөлдөнө.