
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хангай нуруунаас усжих Идэр, Хануй, Суман, Чигэстэй, Богд, Буянт, Хожуул, Тэс, Завхан, Зүйл, Хэнтэй нуруунаас усжих Ерөө, Туул, Сөгнөгөр, Балж, Хэрлэн түүнчлэн Сэлэнгэ мөрөн, Орхон голын эх болон адаг, Алтай нурууны Түргэн, Буянт, Турган, зэрэг голууд 40-80 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба дээр дурьдсан голуудад мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх, мөс харлах, шингэн, өтгөн цөн гүйх , цөнгийн хахаа үүсэх зэрэг үзэгдэл идэвхижсэний улмаас мөсний зузаан өмнөх өдрийнхөөс 2-10 см нимгэрсэн байна.Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт улам багасаж, мөс хэврэгшиж, гол мөрний сав газрын цас, мөс эрчимтэй хайлж, мөсөн бүрхүүл задрах, шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах тул мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас ард иргэд сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Ялангуяа ажиглалт хэмжилт, хяналт мэдээлэлгүй жижиг гол сайрын сав газарт нутаглаж буй ард иргэдийг байнга анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна.