
Тэгвэл энэ асуудлын талаар БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэгээс тодруулахад "Одоогийн байдлаар Зайсангийн болон Арцтын аманд маш олон иргэд амьдарч байна. Мөн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэчихээд байшин барилга барьсаар байгаа. Үүнийг иргэд худалдаж авсан учраас иргэдийн өмчлөлийн асуудал шийдэгдээгүй байгаа. Одоо гарцыг олж асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Зайсан болон Арцтын амны иргэдтэй хоёр удаа уулзалт хийсэн. БОНХЯ-ны сайдын тушаалаар ажлын хэсэг гаргаж Богдхан-Уул дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дээр хууль зөрчөөгүй, тухайн газрыг хамгаалалт авахад байсан иргэдийн газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэе гэж байгаа. Иргэдтэй хамтарч ажиллах ажлын хэсэг гарсан байгаа. Ирэх долоо хоногоос ажил эхэлнэ. Мөн ирэх сардаа багтааж тусгай хамгалалтай газар нутаг болон Богдхан-Уул хязгаарлалтаа бүсийн дэглэмийг асуудлыг Засгийн газарт өргөн барихаар ажиллаж байна. Өнгөрсөн онд Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн төслийг орон даяар хэлэлцүүлж, төслөө бэлэн болгосон байгаа. Хуулийн төслөө тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд амьдарч байгаа иргэд болон хамааралтай амьдарч байгаа иргэдтэй хамтарч боловсруулсан. Энэхүү төсөлд хамрагдаж санал өгсөн иргэдийн ихэнх нь тусгай хамгаалалттай газар нутагт газар өмчлүүлж болохгүй гэдгийг ирүүлсэн байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/