
Төсөл хэрэгжиж эхэлснээр орчин үеийн чиг хандлагатай үндэсний хөгжмийн бүтээл, хувцас загварын шоу, уран зураг нэгдэн Монголыг дэлхий дахинаа сурталчлах цогц бүтээл болох юм.
Нээлтийн ажиллагааны үеэр үндэсний хэв шинжээ хадгалсан урлагийн гурван төрлийг нэгтгэн хүргэх юм. Үүнд:
“Ethnosphere” цомгийн нээлт
Үндэсний хөгжмийн тоглогдох арга барил, дуу авианы онцлогийг (Ethno, Electro, Dubstep, Chill Out, House, Classic) орчин үеийн урсгалуудтай хослуулсан дуу хөгжмийн нийт 10-н бүтээлээс бүрдсэн шинэ цомгийг танилцуулна.
“Монгол брэнд” загварын шоу
Өөрсдийн өнгө аяс, илэрхийллийг хэдийнэ олж, олонд танигдсан гурван загвар зохион бүтээгчийн бүтээлүүд үзэгчдийн хүртээл болно. Харин хөгжмийн аялгуу, хөг эгшгийг “ETHNOSPHERE” цомгийн зохиолууд бүрдүүлэх ба Монгол Модель агентлагийн шилдэг загвар өмсөгчид дизайнеруудын загварыг амилуулах юм.
“Хөх салхи” уран зургийн үзэсгэлэн
Контемпорари чиглэлээр уран бүтээлээ туурвидаг зураач Б.Содномдаржаа “ETHNOSPHERE” цомгийн нүүр зургийг /Cover/ бүтээсэн бөгөөд нээлтийн үеэр цомгийн эх зураг болон өөрийн шилдэг бүтээлээ дэлгэнэ.
Дашрамд дуулгахад энэ төслийн хөгжмийн зохиолууд Дэлхийн оюуны өмчийг хамгаалах байгууллага BMI (Broadcast music Inc)-ээр хамгаалагдсан аж.
24tsag.mn