
“Шүүдэр” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл “Улаан пальто” киноны гол дүрд МУСТА О.Долгор тоглож байна. Жүжигчин Т.Өөдөө, О.Байгаль, О.Долгор нарын бүсгүйг цуглуулж чадсанаараа дүр сонголт нь сонирхол татаж буй энэ киног зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн бүтээж байна. Зургаан настай Номин охин урьд насны амьдрал, аав, ээжээ тодхон санаж байгаагаас үйл явдал нь өрнөдөг энэхүү кино нь хүнлэг сайхан сэтгэл, эх үрийн хүйн нандин холбоо, гэр бүлийн үнэ цэнэ, хүүхдийн гэгээн ертөнцийн тухай уянгын драм бөгөөд Эх үрсийн баярын босгон дээр нээлтээ хийх ажээ.
Зохиолыг нь Б.Шүүдэрцэцэг бичиж, Э.Чинзориг найруулсан “Улаан пальто” кинонд зураглаачаар МУСТА С.Баттулга ажиллаж, хөгжмийг нь гитарчин Өөжгий бичиж байгаа аж. Бас нэг сонирхолтой баримт нь “Ану хатан” киноны Мандарваа, Өлчир хоёр буюу жүжигчин О.Долгор, Б.Батжаргал нар “Улаан пальто”-д дахин хайртай хосын дүр бүтээж байгаа гэнэ. Хүн чанар, хайр энэрэл, эх үрийн нандин холбоо, басхүү хүний сүнс төрөл арилжин эргэн төрдөг тухай сонирхолтой сэдвийг хөндсөн энэ кино гэгээлэг, сайхан төгсгөлтэй, өнөөдрийн хүнд хэцүү амьдралд ухаарал, урам хайрлах кино болох юм байна.