Манила хотын оршин суугч Ровена Фестин нь нөхөр, гурван хүүхдээ халамжлахаар Конгрессын туслахын ажлаа орхижээ. Гэхдээ түүний гэрлэлт бусад Филиппинчүүдийн адилаар цаасан дээр оршин тогтнодог. “Миний нөхөр өөр хүн хүсдэг. Бид нэг гэрт амьдарч байгаа ч тус тусынхаа амьдралыг бодохоор шийдсэн” гэж ярьжээ. Тэд хууль ёсны дагуу гэрлэлтээ цуцлуулахыг удаан хугацаанд мөрөөдөж ирсэн ч Засгийн газар нь зөвшөөрдөггүй. Филиппин нь Ватикан хотоос гадна гэр бүл салалтыг хуульчилж өгөөгүй цорын ганц улс билээ. 20-р зууны эхний хагаст Японы эзлэн түрэмгийллийн үед гэр бүл цуцлалтыг хууль ёсоор зөвшөөрдөг байсан ч 1949 оны Иргэний ёс зүйн кодын тогтоолоор хориглосон юм. Өнөөгийн хуулиар тусдаа амьдарч, эд хөрөнгөө салгаж авахыг зөвшөөрдөг ч дахин гэрлэхэд чөлөөтэй биш ажээ. Үнэн хэрэгтээ тусдаа амьдарч байгаад өөр хүнтэй дотно холбоо тогтоовол гэр бүлээс гадуур завхайрсан хэргээр шийтгүүлдэг байна. Тиймээс Филиппиний католик шашинтнууд гэр бүл цуцлуулах эрхийнхээ төлөө тэмцэж эхэллээ. Гэвч 2010 онд хуулийн байгууллагад 9117 өргөдөл ирсэний зөвхөн 133-ыг нь шийдэж, хуулийн дагуу тусгаарласан гэсэн судалгаа бий. 
























































