Твиттер компани АНУ-ын Засгийн газрыг тагнуулын хууль зөрчсөн хэмээн буруутгаж, шүүхэд зарга үүсгэжээ. Одоогийн хуулиар Твиттер компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг Засгийн газрын байгууллагад өгөх боломжгүй юм. Гэтэл Засгийн газар үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэрээр Үндсэн хуульд заасан иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдаж байна гэж Твиттер шүүмжилжээ. Тус компанид хэрэглэгчдийн хувийн мэдээллийг авах гэсэн хүсэлтийг удаа дараа ирүүлж, хүч хэрэглэхийг завдсан гэнэ. Тиймээс бусад технологийн компаниуд Твиттерийн уриалгад нэгдэж, тэмцэхийг хүсч байна хэмээн Америкийн иргэний эрх чөлөөний холбооны хуульч Жамел Жаффер ярьжээ. Мөн “Технологийн компаниуд Засгийн газрын тагнуулын ажиллагааны эсрэг чиглэсэн алхам хийж, хэрэглэгчдийнхээ нарийн мэдээллийг хамгаалах ёстой. Хэрэглэгчдийн мэдээллийг хэрхэн ашиглаж, бусадтай хуваалцаж байгааг ил тод болгох хэрэгтэй” гэжээ. 
























































