
Хятадын баруун өмнөд хэсгийн Юнань мужид Рехтерийн шаталбараар 5,8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж АНУ-ын Геологийн албанаас мэдээлэв. Газар хүчтэй доргисны улмаас таван хүн нас барж, 38 хүн гэмтэж бэртсэн гэж орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн голомт 10 км-ийн гүнд байжээ. Харин голомтоос 298 км-ийн зайтай буюу Юнань мужийн нийслэл Куньминд хүчтэй чичиргээ мэдрэгдсэн гэнэ. Вьетнам, Лаос, Мьянмартай хиллэдэг, уулархаг газар нутагтай Юнань мужид 1996 онд 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 322 хүн нас барж байжээ.

























































