Украины Засгийн газраас 1990-өөд оны дундаас өдийг хүртэл улсынхаа батлан хамгаалах салбарыг удирдаж ирсэн үе үеийн сайд нараа шүүхээр болсон байна. Одоогийн эрх баригчдын үзэж байгаагаар тэдний буруугаас болж, Украины арми ямар ч байлдах чадваргүй болсон аж. Украины Цэргийн прокурор Анатолий Матиосийн мэдээлснээр Евгений Марчук, Анатолий Гриценко, Юрий Ехануров, Михаил Ежель, Александр Кузьмук, Павел Лебедев нарын алдартай улс төрчийг шүүх гэнэ. Тэднийг олон жилийн турш улс эх орныхоо батлан хамгаалах салбарыг удирдахдаа анги нэгггэлүүдийг удирдан зохион байгуулах системийг устгасан, зэр зэвсэг, эд хөрөнгийг зарж үрэгдүүлсэн, армийн хүчин чадлыг бууруулсан хэмээн буруутгаж байгаа юм. 
























































