Турк улс өөрийн агаарын цэргийн баазаа “Исламын улс” бүлэглэлийн эсрэг компанит ажил өрнүүлж буй АНУ-д ашиглуулахыг хүлээн зөвшөөрсөн гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сьюзан Райс мэдээлэв. Хоёр улс Туркийн өмнөд хэсэгт орших Инкирлик агаарын цэргийн баазыг ашиглах тухай шинэ гэрээ байгуулжээ. Ирак, Сиритэй хоёулантай нь хиллэдэг Турк улсын үндэсний аюулгүй байдалд хэт даврагчдын заналхийлэл нөлөөлж болзошгүй байгаа юм. Сүүлийн хэдэн өдөр хэт даврагчид Турк-Сирийн хилийн орчимд байрлах Кобане хотыг тасралтгүй бөмбөгдөж байна. Өнгөрсөн есдүгээр сараас хойш Кобанед 500 гаруй хүн алагдаж, 200 мянган хүн Турк руу дүрвэжээ.



























































