Умард Солонгосын заналхийлэл ихэсч байгаа учир БНСУ Шар тэнгис дэхь усан хилийн ойролцоох арлууд дээр нэмэлт зэвсэг байрлуулжээ. Мөн Умардаас хийж болзошгүй өдөөн хатгалгад хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг боловсруулсан байна. Түүнчлэн байлдааны бэлэн байдлаа өндөржүүлж, фронтын шугам дагуу байгаа ангиудынхаа зэвсгийг шинэчилж, хүч нэмэгдүүлэн ажиглалтаа идэвхжүүлэв. Энэ районд 1999, 2002, 2009 онд Хоёр Солонгосын тэнгисийн цэргийн хүчний хооронд мөргөлдөөн болж, асар их хохирол амссан түүхтэй. Өнгөрсөн долоо хоногт энэ газарт хоёр ч удаа харилцан буудалцсан юм.

























































