
Боолт тайлагч, төмрийн хөрөө, лантуу гартаа барьсан Хонконгийн цагдаа нар эсэргүүцлийн талбайд хөглөрсөн төмөр хаалт, хашлагуудыг цэгцэлж байна. Азийн санхүүгийн төв болох Хонконгт хоёр долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал өрнөсний дараа цагдаа нар хашлагуудыг нурааж, босогчдод бүслэгдсэн Causeway Bay худалдааны дүүргийн замыг нээсэн юм. Уг ажиллагаанд 1000 цагдаа оролцож, хашлагыг 19 минутын дотор нураасан байна. Мөн тэмцэгчдийн босгосон майханг буулгаж, хавтан, хогийн сав, лааз зэрэг хогуудыг цэвэрлэжээ. Харин оюутнууд тэмцлээ үргэлжлүүлж, хашлагыг дахин барина гэдгээ мэдэгдсэн байна.

























































