Хонконгийн засаг захиргааны төв байрны ойролцоо ардчиллыг дэмжигч оюутнууд болон цагдаа нар хоорондоо мөргөлдөж, үймээний үеэр хэд хэдэн хүнийг баривчилсан байна. Мөргөлдөөн гарахын өмнөхөн цагдаа нар Лун Во хэмээх гол замыг чөлөөлж байсан гэж эх сурвалжууд мэдээлэв. Гэвч жагсагчид уг замыг бүслэн хаасны улмаас үймээн дэгдсэн гэнэ. Ингээд жагсагчид руу хамгаалалтын хувцастай цагдаа нар халуун чинжүү шүршиж, хүчээр тараахыг завдсан байна. Хонконгийн цагдаа нар замын хөдөлгөөний саадыг арилгах зайлшгүй шаардлагаар уг ажиллагааг гурав дахь өдрөө явуулж байна. Түүнээс биш жагсагчдыг “цэвэрлэх” зорилгогүй гэдгээ мэдэгджээ. Орон нутгийн телевизээр оюутнуудыг гавлан авч явж буйг шууд дамжуулсан байна.

Хонконгийн “Төвийг эзэл” хөдөлгөөн гурван долоо хоногийн турш үргэлжилж, үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа билээ. Тэд 2017 оны сонгуульд нэр дэвшигчийг Хятадаас биш Хонконгийн ард иргэдийн саналаар тодруулахыг шаардаж байгаа. Гэвч Бээжингийн бодлогыг өөрчлөх ямар ч боломжгүй гэсэн хариу өгсөн нь жагсаал, тэмцэл даамжрахад нөлөөлсөн юм.