
Саудын Арабад 2011 оноос хойш Шийт урсгалынхны төлөөлөл болж Засгийн бодлогыг шүүмжилж буй Шейк Нимр Ал-Нимрт цаазын ял оноожээ. Риад хотын шүүх Шейкийг зэвсэгт тэмцэл өрнүүлж, Засгийн газрын хуульд захирагдаагүй, бусдын хэрэгт хошуу дүрсэн гадаадын иргэдийг дэмжсэн хэмээн буруутгасан байна. Шейкийн гэр бүлийнхэн тайван амгалан, хүчирхийлэлгүй нийгмийг цогцлоохын төлөө амьдралаа зориулсан, нөлөө бүхий шүтлэгтэнгүүд юм. Түүнийг олон нийтийн өмнө цовдолж, толгойг нь авах харгис цааз оноож магадгүй хэмээн хүний эрхийг хамгаалагчид эмээж байна. Гэхдээ цаазыг ямар хэлбэрээр гүйцэтгэх нь тодорхойгүй ажээ. Хүний эрхийн байгууллагууд Саудын шүүхийг олон улсын стандартад нийцээгүй харгис шийдвэр гаргадаг хэмээн буруутгасаар ирсэн билээ.
Шейк болон түүнийг дэмжигч шийтүүд газрын тосоор баялаг энэ орны хүн амын 20 хувийг эзэлдэг. Суннит урсгалынхан ноёрхлоо тогтоосон Саудад тэдний дуу хоолойг сонсдоггүй байна.