Оросын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьцааны 20-иос дээш хувийг гадаадын иргэн, компаниуд эзэмшихийг хориглосон хуулийг Төрийн Дума баталжээ. Хууль олон улсын гэрээгээр үүсгэн байгуулагдсанаас бусад бүх хэвлэлд хамаатай гэж Засгийн газрын вэб сайтад мэдэгдсэн байна. Мөн гадаадын иргэд, түр оршин суугчид, давхар иргэншилтэй хүмүүс хэвлэл, мэдээллийн хэрэгсэл үүсгэн байгуулах эрхгүй юм. Шинэ хууль 2016 оноос эхлэн хэрэгжих бөгөөд нийт хэвлэлийн 30 хувьд нь хамаатай хэмээн Думын гишүүн Вадим Денгин Риа-Новостид ярьжээ. 1991 онд баталсан өмнөх хуулиар хэвлэлийн 50 хувийг гадаадын иргэн эзэмшихийг зөвшөөрдөг байжээ. 
























































