Хонконгийн гүйцэтгэх засаглалын тэргүүн Люн Чун Ин “Чөлөөт сонгууль явуулах нь ядуу хүмүүст эрх мэдэл олгож байгаа хэрэг” гэж хэвлэлд ярьжээ. Хонконгийн жагсагчид 2017 оны сонгуулийг ардчилсан зарчмаар явуулахыг шаардаж байгаа энэ үед ийм үг хэлсэн нь нийгмийн бухимдлыг төрүүлжээ.Оюутнуудын жагсаалд үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид нэгдэж оролцоно гэдгээ мэдэгдсэн байна. Люн Чун Иний хэлсэн үг ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг нь баталгаажуулж өглөө гэж жагсагчид ярив. “Энэ баян эр хөрөнгөө ашиглан эрх мэдэл олж аваад одоо бүр Хонконгийн эдийн засгийг мөнгөөрөө хянах гэж байна. Цус сорогч шиг капиталистууд Хонконгийн эрх мэдлийг гартаа авлаа” хэмээн оюутнуудын төлөөлөл Рай Чен шүүмжилжээ.
Ардчиллын төлөөх оюутнууд Хонконгийн сонгуульд нэр дэвшигчдийг Хятадаас тодруулж буйг эрс буруушаадаг. Хятадын Засгийн газар бүх нийтийн сонгууль явуулахыг зөвшөөрсөн ч бүх нэр дэвшигчдийг Намын төв хорооны 1200 гишүүн дотроос сонгохоор болж, энэ шийдвэрээ ч өөрчлөхгүй гэдгээ хатуу мэдэгдсэн байна.

























































