Боко Харам бүлэглэлийн дайчид Нигерийн зүүн хойд зүгийн Адамава мужийн хоёр тосгоноос охид, эмэгтэйчүүдийг хулгайлан авч явсан болохыг нутгийн иргэд баталлаа. Нигерийн Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард хулгайлагдсан 200 гаруй охидыг суллахаар гэрээ хэлэлцээр хийх санал тавьсан ч Боко Харамынхан эвлэрэх хүсэл байгаагүй гэнэ. Өнгөрсөн баасан гаригт гал зогсоох гэрээ байгуулсаны дараа Засгийн газрын тал хөрш зэргэлдээ Чад мужид яриа хэлэлцээрийг эхлүүлнэ хэмээн найдаж байв. Гэсэн ч хэт даврагчид Баучи хотын автобусны буудалд бөмбөг дэлбэлж, таван хүний аминд хүрчээ.Ийнхүү шил дараалан халдлага гарч байгаа тул хэт даврагчдын эсрэг тэмцлийн эрчимжүүлэхээр 1 тэрбум долларын хөрөнгөөр зэвсэг худалдан авч, дайчдыг нэмж сургахаар төлөвлөөд байна. Нигерийн аюулгүй байдлыг хамгаалахад дор хаяж 6 тэрбум доллар шаардлагатай байгаа нь Холбооны төсвийн дөрөвний нэгтэй тэнцүү хэмжээ юм.

























































